ОЮУН САНААНЫ ЧУУЛГА (#10647)

*Зөвлөлдөөний танхимд орох бүрийдээ Бүхнээс хүчтэй Бурханаас өгөөмөр тусламжийг хүртэн дээдийн ялалтанд хүрэхийн тулд Бурханы хайраар догдолсон сэтгэлээр Бурханаас өөр юуг ч үл дурсах цэвэр ариун хэлээр энэхүү мөргөлийг уншигтун. 

Бурхан минь, Бурхан минь!  Бид бол Таны Гэгээн Дүрд бишрэнгүйгээр хандаж, энэ гайхамшигт Өдөр Танаас өөр бүхнийг умартсан Таны шадар зарц нар билээ.  Бид үзэл бодлоо нэгтгэж, хүн төрөлхтний дотор Таны Сургаалыг магтан өргөмжлөх зорилгоороо эвсэн нийлэн Оюун Санааны энэ Чуулгад хуран цугларлаа.  Эзэн тэнгэр минь, Бурхан минь!  Биднийг Таны Тэнгэрлэг Удирдамжийн шинж тэмдэг, хүн ардын дунд Таны өргөмжит Шүтлэгийн Туг далбаа, Таны хүчирхэг Гэрээсийн шадар зарц нар, Абха-н Хаант улс дахь Таны Тэнгэрлэг эв нэгдлийн илэрхийлэл, бүх газар нутгийг гэрэлтүүлэн гийгүүлэх од мичид болгож хайрлана уу, Хамгаас дээд Эзэн тэнгэр минь!  Эзэн тэнгэр минь!  Таны гайхамшигт Ивээлийн давалгаагаар цалгилах тэнгис, Таны бүхнээс гайхамшигт Оргилоос буух ундрага, Таны тэнгэрлэг Үйл хэргийн Модны ачит жимс, Таны хурмастын Цэцэрлэгт Таны Хишгийн сэвшээнд найгах модод болоход маань бидэнд тусал.  Бурхан минь!  Бидний сэтгэлийг Таны Тэнгэрлэг эв нэгдлийн Шад мөрүүдэд найдан итгэдэг, бидний зүрхийг Таны Гоо жавхлангийн цацралаар баясан цэнгэдэг болгож өгөөч.  Чингэвээс бид нэг далайн олон давалгаа, Таны туяарсан Гэрэл гэгээний олон цацраг мэт нэгдэн нийлж, бидний ухаан бодол, үзэл санаа, сэтгэлийн мэдрэмж бүхэн нэгэн бодит чанар болж, дэлхий ертөнц даяар эвийн холбооны сүнс сүлдийг илэрхийлэх болмой.  Та бол Гоо жавхлант, Хайр хишигтэн, Хувь хишиг хайрлагч, Бүхнээс хүчтэн, Энэрэнгүй, Нигүүлсэнгүй билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ОЮУН САНААНЫ ЧУУЛГА (#10648)

*Шижир тунгалаг баяр баясгалангаар бялхан та нар хуран цуглаж, тэгээд хурлынхаа эхэнд энэхүү мөргөлийг уншигтун:

Аяа, Хаант улсын Эзэн Та!  Бид хэдийгээр бие махбодиороо энд хамт цугларсан ч бидний бахдсан сэтгэл Таны хайранд уяран хэсүүчилж, Таны агуу гайхамшигт дүрийн цацрагаар бидний зүрх сэтгэл нисэн дүүлж байна.  Бид хэдий сул дорой ч Таны хүч чадлын илрэлийг хүсэн хүлээж байна.  Бид хэдий үгээгүй ядуу ч Таны Хаант улсын сангаас эрдэнэс баялгийг хүртсээр байна.  Бид хэдий дусал төдий өчүүхэн ч Таны их далайн гүн ёроолоос шавхсаар байна.  Бид хэдий хумхын тоос мэт өчүүхэн ч Таны гайхамшигт Нарны туяанд гэрэлтсээр байна.
Бидний хэрэгцээг Хангагч Та минь ээ!  Энд цугласан хүн бүр гэрэлт зул, хүн бүр сэтгэлийг татах соронзон, хүн бүр Таны хурмастын орны зүг дуудах зар түгээгч болж, эцэст нь хоосон энэ ертөнцийг бид Таны диваажингийн тольт тусгал болгохын тулд Өөрийн тусламжийг бидэнд илгээж хайрла.

-`Abdu'l-Bahá
-----------------------

ОЮУН САНААНЫ ЧУУЛГА (#10649)

*Оюун Санааны Чуулгын хурлын төгсгөлд хэлэх мөргөл. 

Бурхан минь!  Бурхан минь!  Танд сүсэглэж, Таны шинж тэмдэгт итгэж, Таны Гэрээс ба Захиаст үнэнч байж, Танд татагдаж, Таны хайрын галд дүрэлзэж, Таны Үйл хэрэгт үнэнчээр зүтгэн энэхүү оюун санааны уулзалтанд хуран цугларсан биднийг Та Өөрийн нэг нэгдмэл чанарын үл үзэгдэх орноос харж байгаа билээ.  Бид Таны цэцэрлэг дэх шадар зарц нар, Таны шашныг түгээн дэлгэрүүлэгчид, Таны дүр царайг шүтэн бишрэгчид бөгөөд Таны хайрт шавь нарын өмнө даруу төлөв, Таны үүд хаалганы өмнө хүлцэнгүй зогсон Танаас ийнхүү хичээнгүйлэн гуйж байна: Өөрийн сонгомол шавь нарт үйлчлэх үйлст маань биднийг батжуулж, Өөрийн үл үзэгдэх сүнснүүдээрээ биднийг дэмжин тэтгэж, Өөрт тань ёсчлон зүтгэх бидний бие сэтгэлийг бэхжүүлж, Тантай харилцахдаа даруу хүлцэнгүй, бишрэнгүй байхад маань тусалж хайрлана уу. 

Аяа, Эзэн тэнгэр минь ээ!  Бид сул дорой, харин Та бол Хүчирхэг, Чадалтай билээ.  Бид амьгүй, харин Та бол амьдрал хайрлагч агуу Сүнс билээ.  Бид гачигдал дутагдалтай, харин Та бол Тэтгэгч, Хүчирхэг билээ.
Аяа, Эзэн тэнгэр минь ээ!  Бидний нүүр царайг Өөрийн энэрэлт дүр царай руу хандуулж, биднийг Өөрийн хурмастын ширээнээс элбэг дэлбэг хайр хишгээрээ тэжээж, Өөрийн эрхэм дээд сахиулсан сүнснүүдийнхээ тусламжтайгаар биднийг дэмжиж, Абха-н Орны ариун сүнснүүдээрээ дамжуулан биднийг бэхжүүлж хайрла.
Үнэнхүү Та болбоос Өгөөмөр, Энэрэнгүй билээ. Та бол агуу их буян хишгийг Эзэгнэгч бөгөөд Та бол үнэнхүү Цэцэн мэргэн, Гоо жавхлант билээ.

-`Abdu'l-Bahá
-----------------------

